Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 05Огноо 2026.11.04
Бүх мэдээ

Нийтэлсэн: bayasgalan

Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнес түншлэл-2026 арга хэмжээ зохион байгуулагдлаа

Зураг 1Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнес түншлэл-2026 арга хэмжээ зохион байгуулагдлаа

Улаанбаатар, 2026 оны 9 дүгээр сарын 17 — Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын MON P-11 хөнгөлөлттэй зээлээр санхүүжсэн "Инженер, технологийн дээд боловсрол" (ИТДБ / M-JEED) төслүүдийн хүрээнд Монгол-Японы хамтарсан судалгаа-бизнес түншлэл-2026 арга хэмжээ зохион байгуулагдлаа.  "Чадлын электроник ба үйлдвэрийн автоматжуулалтын судалгаа, хөгжүүлэлт" (код J14C16) дэд төсөл нь 2016–2026 онд хэрэгжсэн ба төслийг МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн дэд профессор, доктор Д.Баясгалан ахалж, Японы Кумамото Их Сургууль, Токио Метрополитан Их Сургууль, Кюүшү Технологийн Институт, Иватэ Их Сургууль, Тохокү Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэв.

Төслийн зорилго

Төсөл нь Монгол Улсын судалгааны болон боловсон хүчний чадавхыг харилцан уялдаатай гурван чиглэлээр бэхжүүлэхийг зорьсон:

  • Инженерийн боловсрол – зайн болон холимог (цахим) сургалтын хөтөлбөрийг манай орны нөхцөлд тохируулан боловсруулж, туршин нэвтрүүлэх;
  • Чадлын электроник – эрчим хүчний системийн чанар, уян хатан байдлыг сайжруулах, Монгол айл өрхөд тохирсон нарны цахилгаан үүсгүүрийн инвертер, цахилгаан тээврийн хэрэгслийн моторын удирдлага, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт зориулсан эрчим хүчний менежментийн шийдэл хөгжүүлэх;
  • Үйлдвэрийн автоматжуулалт – дулааны цахилгаан станц, үйлдвэрийн шугам дамжлагыг автоматжуулах, үйлдвэрлэлд зориулсан компьютерийн хараа (machine vision)-ны технологи хөгжүүлэх.

Голлох үр дүн (2016–2026)

  • Эрдэм шинжилгээний 41 өгүүлэл, үүнээс 33 нь Web of Science/Scopus-д индексжсэн олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн; олон улсын 59, дотоодын 45, нийт 104 хурлын илтгэл;
  • Ашигтай загварын 2 гэрчилгээ; гүйдлийн шинэ төрлийн мэдрүүр, түүний хэмжилтийн аргачлалыг хөгжүүлсэн; цахим сургалтын технологийг МУИС-д туршин нэвтрүүлсэн;
  • Японы хамтрагч их сургуулиудад 6 судлаач докторын (Кумамото, Токио Метрополитан, Иватэ ИС), 2 судлаач магистрын (Кюүшү Технологийн Институт, Кумамото ИС) зэрэг хамгаалж, өнөөдөр бүгд МУИС-д багшилж, судалгаа хийж байна. Мөн зэргийн бус сургалтад 13, зочин судлаачийн хөтөлбөрт 9 удаагийн оролцоо;
  • МУИС-ийн номын сангийн 619 тоот Чадлын электроникийн лаборатори, 501 тоот Машин оюуны лабораторийг 12 төрлийн 19 нэгж, 259 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон;
  • Профессор, лабораторийн түвшний 8, бүрэлдэхүүн сургуулийн түвшний 1 санамж бичиг байгуулж, Кюүшү Технологийн Институттэй хамтарсан "Байгаль орчны инженерчлэл" оюутан солилцооны хөтөлбөрт 10 магистрант хамрагдав.

Үргэлжлэл: Эрдэнэ Микро-грид судалгаа, хөгжүүлэлтийн төв

Төслийн хүрээнд бий болсон лабораторийн чадавхад тулгуурлан МУИС 2025 онд Төв аймгийн Эрдэнэ суманд Эрдэнэ Микро-грид судалгаа, хөгжүүлэлтийн төвийг байгуулсан бөгөөд 80 кВт нарны, 30 кВт салхин цахилгаан үүсгүүр, 80.6 кВт·ц LFP батерейн хуримтлуур, 55 м² нарны дулааны коллектор бүхий хээрийн туршилтын талбайг БНСУ-ын KETEP-ийн 4.04 тэрбум төгрөгийн хамтарсан санхүүжилтээр 2026 оны 5 дугаар сард ашиглалтад орууллаа. Тус төв 2026 онд Тохокү Их Сургууль, Японы UNILEAD Co., Ltd.-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь ИТДБ төслийн хүрээнд бий болсон түншлэлийг хээрийн судалгаа, инженерүүдийн сургалт, захиалгат төслүүд рүү өргөжүүлж байна.

Холбоотой мэдээ

Бүх мэдээ